n
2009-11-30
Microsoft Office 2007-ийн өөрчлөлтүүд

Мэдээллийн Технологийн салбарт ажилладаг хүн бүрийн анхаарлыг он гарсаар 2 бүтээгдэхүүн онцгой татаж байгааг та мэдэж байгаа байх. Сонирхолтой нь эдгээр нь 2-уулаа нэг компанийн бүтээгдэхүүнүүд бөгөөд ихэвчлэн хосоороо явдаг бас дэлхий даяар тэр 2-ыг андахгүй гээд онцлох зүйл ихтэй билээ. Энэ бол Алдарт Microsoft корпорацийн бүтээгдэхүүн гэхээр танд бараг ойлгомжтой болоо биз дээ. Эхнийх нь мэдээж Windows Vista бол одоо та бидний нарийвчлан үзэх бүтээгдэхүүн нь алдарт Office багцын шинэ хувилбар болох 2007 юм. Office 2007 системийг 2007 оны 1-р сарын 30-нд албан ёсоор худалдаан гаргасан билээ. Гэвч аль хэдийн монголд ороод ирчихсэн хүмүүс хэрэглээд эхэлчихсэн байна. Энэ удаагийн Office маш их өөрчлөгдөж, шинэчлэгдсэн нь хальт харахад л шууд мэдрэгдэх болно. Анх 1997 онд Office нь эхний хувилбараа гаргаснаасаа хойш 2000, XP, 2003 гэх мэтээр хувилбарууд гаргаж байсан боловч ялгаа нь тун бага байдаг байсан. Тэр тусмаа дээгүүр хэсэг бараг л хэвээрээ байсан бөгөөд яг хаанаа өөрчлөгдсөнийг хэрэглэгчид бараг анзаардаггүй гэхэд хилсдэхгүй. Харин одоо бол нилээд өөрчлөгдсөн байна. Энэ удаа бүгдээрээ Office 2007 системийг бүхэлд нь шинжээд, төгсгөл хэсэгт Word, Excel, PowerPoint, Outlook зэрэг програмуудыг тус тусад хэсэгхэн дүгнээд үзнэ ээ. Хамгийн анх мэдрэгдэж байгаа гол өөрчлөлт бол түүний интерфэйс юм. Өөрөөр хэлбэл та бидний танил цонх, цэс зэрэг нь танигдахын аргагүй болжээ. Үүнийг хүмүүс 2 янзаар хүлээж авч байгаа бол КТ-ын хувьд сайн муу талтай гэж хэлэх байна. Муу тал нь Office дээр нэгэнт ажиллаад дасчихсан хэрэглэгчид түүний командуудыг дахин сурах шаардлага гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл таны нэгэнт хэрэглээд сурчихсан команд хаана байгааг та дахин сурна гэсэн үг. Хуучин байрандаа байхгүй тул ингэхээс өөр яах билээ. Уул нь таны ашиглаж сурсан бүх л командууд мэдээж байгаа боловч чухам хаана байгааг л олоход бэрхшээл учраад байгаа юм. Харин одоо сайн талыг нь авч үзье. Та бидний тархинд гүн шингэсэн уламжлалт орог саарал өнгийн цэснүүд маань алга болжээ. Харин оронд нь орчин үеийн техник технологийн мэт харагдах "тууз" хэмээх ойлголт гарч ирж байна. Шинэ туузууд маань tab-уудын цувралууд бөгөөд командуудыг багц багцаар нь агуулна. Командуудыг энэ удаад ажиллагааны төстэй байдлаар багцуудад хуваасан байна. Та туузуудаар миний мэддэг командууд хаана байна гэж эрэхийн сацуу танд шинэ өмнө нь хэзээ ч байгаагүй боломжийг санал болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл та өмнө нь хэзээ ч мэддэггүй байсан командуудаа энэхүү багцалсан туузын тусламжтайгаар олж харахын зэрэгцээ ашиглаж сурах болно. Энэ бол гайхалтай албадлага шүү. Уламжлалт цэсний технологи дээр хүмүүс өөрийн мэддэг хэдхэн командын хүрээнд эргэлдэн асар олон боломжуудыг огт мэдэхгүй олон он жилүүдийг өнгөрөөсөн нь Microsoft-ын хувьд харамсалтай санагдсан нь тодорхой. Судалгаа авахад дэлхий даяар Office-ийн нийт хэрэглэгчид түүний боломжийн өчүүхэн хувийг идэвхтэй ашигладаг нь харагдсан юм. Насаараа зөвхөн Word ашиглаж байгаа хэрнээ мөр дугаарлалт, хүрээ гэх мэт олон олон командуудыг огт мэдэхгүй байхад харамсахаас өөр яах билээ. Шинэ Office маань та бидэнд Live Preview хэмээх боломжийг санал болгож байна. Энэ боломжийн талаар ганцхан жишээ татъя. Та гарчгаа сонгоод түүнийг өвөрмөц харагдуулах фонт хайж байгаа гэж бодъё. Текстээ сонгоод (харлуулаад-Select) фонтуудаа сонгох үед таны жинхэнэ текстийн фонт дагаад өөрчлөгдөнө. Гэхдээ та хүсэхгүй бол Cancel гээд гарахад л текст тань анхны хэвэндээ орох болно. Энэ нь олон фонт сольж тавьж үзэх ядаргаатай ажлаас таныг ангижруулах бөгөөд нэг сонголтоор олон фонтыг сонжих боломжийг олгоно. (Photoshop програм дээр ингэдэг шүү дээ) Хэрвээ та байнга ашигладаг командуудаа туузан дотор байлгахыг хүсэхгүй байгаа бол дуртай товчоо Quick Lunch хэмээх багажийн хавтан дээр байрлуулж болно. Энэ нь туузын дээр эсвэл доор нь байрлах стандарт хавтан юм. Таныг байнга ашигладаг товчнуудаа энд байрлуулаг гэж энэ хавтанг гаргаж өгчээ. Office 2007 дээр бий болсон бас нэгэн томоохон өөрчлөлт бол XML-д суурилсан файл үүсгэх явдал юм. Чи одоо хуучин үүсгэдэг байсан өргөтгөлийн нэрэн дээрээ x үсэг залган хадгалж болох болжээ. Өөрөөр хэлбэл doc гэхийн оронд docx гэж хадгална гэсэн үг. Ингэж XML форматаар хадгалахын давуу талыг програмчлал сонирхдог бүх хүн шууд ойлгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Хуучны Word-ын өөрийнх нь doc өргөтгөлийг ихэнх програмууд нээж чаддаггүй байсан. Энэ файл нь ямар форматтай болохыг хүмүүс мэдэх аргагүй байсан юм. Харин албан ёсоор худалдаж авч болох байсан бол одоо docx болгосноор хэн дуртай нь түүнийг нээх, засварлах боломжтой болжээ. Тэр тусмаа нээлттэй эх бүхий програм хөгжүүлдэг бүхэн үүнийг талархан хүлээн авах ёстой. Харин энэ форматын ганц сул тал нь түүнийг Of¬fice-ын хуучны хувилбарууд нь нээхдээ алдаа заадаг явдал юм. Харин Microsoft-оос энэ асуудлыг шийдэхийн тулд тусгай patch гаргаж байгаа гэсэн сайн мэдээ байна. Энэ patch-ыг суулгасан хэрэглэгчид Office XP эсвэл Office 2003 дээр XML файлыг чөлөөтэй нээж хаах юм гэсэн. Гэхдээ анхны удаа нээхийн өмнө 27MB-ын хэмжээтэй 2007 Office Compatibility Pack хэмээх програмыг татаж авч суулгах ёстой. Энэ Pack нь уг XML файлыг нээх бололцоог олгоно. Одоо ингээд Office багцад багтдаг гол гол програмууд маань хэрхэн өөрчлөгдсөн тухай авч үзье. Бүх хүн энэ хэсгийг онцгой анхааран уншина гэдэгт эргэлзэхгүй байна.

WORD 2007

Word 2007 бол дэлхийн даяар хүмүүсийн хамгийн эхэнд хэрэглэдэг хамгийн эрэлт хэрэгцээтэй хэрэглээний програм гэдэг нь ойлгомжтой. Word-гүй компьютер байна гэж үү дээ. Гэхдээ шинэ Word маань шинэ Office-ийн өөрчлөлтүүдийг онцгой ихээр өөртөө тусгасан юм. Хэрэглэгчдийн хамгийн их үглэж байгаа гомдол нь түүнийг сурах бас хаана ямар команд байгааг олоход хүндрэлтэй байна гэсэн асуулт эзэлж байна. Тэр тусмаа хэрэглэгчид туузын учрыг огт олохгүй байгаа юм. Уламжлалт цэсэнд дасчихсан хэрэглэгчид ийм юм гараад ирсэнд дургүйцэх ч хандлага гаргаж байгаа нь нууц биш. Ер нь ихэнх масс жирийн хэрэглэгчид уламжлалт зүйлдээ л дуртай байдаг. Тэд шинэ зүйл сурахдаа тийм ч дуртай биш боловч нэгэнт сурсан зүйлдээ ихээхэн үнэнч байдаг. Гэхдээ тууз бол Microsoft-ынхны хувьд маш нарийн судалгаа, шинжилгээний дүнд бий болгосон гэдэг нь ойлгомжтой. Тэд тэгж хамаагүй хөдлөх хүмүүс огт биш. Тэгээд л хагас эсвэл нэг бүтэн жилийн дараа хүмүүс туузаас салж чадахаа болино гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад, яаж гэдгийг мэдэхгүй ч ингэх л байх гэж бодож байна. Хэрвээ тэгэхгүй бол Microsoft-ынхны хувьд энэ нь тэр чигээрээ сүйрэл байх болно. Гайхаж хоцорсон хүмүүсийг өөр компаниуд өөрсдийн програмдаа уруу татах гэж оролдох л байх. Гэхдээ гарамгай хэрэглэгчид хэзээний 2007-г олоод хэрэглэчихсэн туузын сайхныг магтаад байгааг бодоход туузад нэг л учир байна. Гэхдээ одоогийн байдлаар ихэнх хэрэглэгчид уламжлалт урсдаг цэсээ л үгүйлээд байгаа юм. Шинэ хувилбарт бий болсон Live Preview буюу Бодитоор Харах гэсэн технологи үнэхээр дажгүй болжээ. Ямар нэгэн зүйл өөрчлөх нэмэх гэж байгаа бол хулганаараа очиход л хуудсан дээр шууд орчихсон мэт харагдах болно. Энэ нь өөрчлөлтөө оруулчхаад хэрвээ таалагдахгүй бол буцааж устгадаг алхмыг үгүй хийж байгаа юм. Бодитоор хараад таалагдахгүй бол хулганаа зайлуулаад л болоо. Mail Merge Wizard хэмээх дажгүй сонин шинэчлэлт байна. Ерөнхийдөө шинэхэн Word маань өнгө зүс, тууз гэх мэтээр тоноглогдон илүү хялбархан болоод та бидний гар дээр ирж байгаа юм байна.

POWERPOINT 2007
Та бидний хэрэглэдэг байсан өмнөх PowerPoint маань үнэндээ гоёмсог, чамин, мэргэжлийн харагдах үзүүлэн бэлтгэх тал дээр хэрэглэгчдэд олигтой тусалж чаддаггүй байсан юм. Харин 2007 дээр бол ганцхан товч дараад л маш гоё харагдах загваруудад оруулж болно. Ер нь Office 2007 маань энгийн хэрэглэгчид рүү илүү хандсан шинжтэй болжээ. Powerpoint маань та бидний хэрэглэж байсан програмуудаас хамгийн хэрэглэгчдэд найрсаг програм болж ч магадгүй байна. Мэдээж Office системийн шинэ тууз, шинэ багажуудыг санал болгоно. 2007-д янз бүрийн шинж чанартай үнэхээр гоёмсог харагдах слайдын загваруудыг оруулж өгсөн нь нүдээ олсон хэрэг болжээ. PowerPoint-ыг хэрэглэгчид ийм л юм хүсэж байсан нь тодорхой. Түүнчлэн энэхүү загваруудыг хялбар аргаар баяжуулж болох нь хүн бүхэнд таалагдах л таараа. Шинэ цуглуулгад орсон загварууд нэг л донжтой, хээнцэр харагдана. Их чамин, мэргэжлийн сонголт бүхий өнгө, хийц, зураас, арын фон зэргийг мэргэжлийн хүмүүс хүртэл өөлж үл чадна. Хэрэглэгчдийн хийдэг хэдхэн л үйлдэл байдаг. Энэ нь Word-оос текст оруулах, Excel-ээс хүснэгт, chart оруулах явдал юм. Харин шинэ PowerPoint маань энэ тал дээр үнэхээр дэвшил авчирсан байна. Excel дээр бэлтгэсэн бүх төрлийн форматтай хачин чамин хүснэгтийг хүртэл ядах юмгүй импортолно. Түүнчлэн SmartArt хэмээх технологи нь танд байнга хэрэг болдог дүрслэл, chart-уудыг шууд санал болгох нь тун зүгээр санагдсан. Гэхдээ хэрэглээнд нийцэх эсэхийг он жилүүд л харуулах болно. Гэхдээ харамсалтай нь мультимедиа тал дээрээ дэндүү энгийн, ядмаг хэвээрээ л байна лээ. Дуу, видео импортолж оруулах нь нөгөө л хэт энгийн, ганц хоёрхон алхамтай байдаг шүү. Бас слайдын transition буюу хуудас солигдох эффектүүд нь Office 2000 дээрхтэйгээ яг адилхан байсан нь энэ тал дээр дэвшил гараагүйг харуулж байна. Бас хийсэн үзүүлэнгээ вэбэд зориулж экспортлоход дахиад л асуудалтай. Экспортолсон вэб үзүүлэн маань Internet Explorer-ээс өөр вэб броузер дээр буруу гарах нь байж боломгүй юм. Гэвч энэ бүхэн удахгүй засагдах биз дээ. Найдаж л байя.

EXCEL 2007

Хуучны Excel дээрх хамгийн том гомдол юу байлаа? Энэ бол мэдээж мөр, баганын хамгийн их тооны хязгаарлалт байсан юм. Хамгийн ихдээ 65,536 мөр, 256-хан баганатай байж болдог байсан шүү дээ. Энэ нь ихээхэн өгөгдөлтэй ажилладаг хүмүүст багадах нь гарцаагүй. Тэгвэл Ex¬cel 2007 маань үүнийг хангалттай нэмэгдүүлж 1,048,576 мөр, 16,384 баганатай болгожээ. Харин одоо бол үүнийг дүүргэнэ гэдэг бол барагтай л хэрэглээ өндөртэй хэрэглэгчдэд хүртэл хэцүү байх болно. Гэхдээ л манай улсын нийт хүний нэрийг Excel-ийн нэг файлд жагсаана гэхэд бас л хүрэхгүй нь. Гэхдээ л хуучнаа бодвол хангалттай болжээ. Та бид тэр дор нь мэдэх боломжгүй олон олон гүйцэтгэлийн сайжруулалтыг хийсэн байна. Үүний дотроос хамгийн гол өөрчлөлт нь сүүлийн үед гараад байгаа Dual-Core процессортой хамтран ажиллах явдал юм. Ингэснээр томоохон боловсруулалтуудыг маш богино хугацаанд үр дүнтэй хийх боломжтой болж байгаа юм. Бас хэрэгцээт томьёонуудыг нилээд нэмж өгснөөр хэрэглэгчид гайхширч суух хэрэггүй боллоо. Бас нэгэн гайхалтай сайхан өөрчлөлт бол Chart, Диаграмтай холбоотой. Өмнөх Диаграмууд маань нэг л хэвийн, уйтгартай, энгийн харагддаг байсан бол энэ удаагийнх шал өөр. Дандаа завсрын өнгө бүхий жинхэнэ мэргэжлийн диаграмын загварууд тантай учрах болно. Бас бүрэн 3-н хэмжээст гэдгийг хэлэхэд таатай байна. Бас л SmartArt хэмээх гайхалтай боломж нь танд түргэн хугацаанд шаардлагатай энгийн хийцтэй граф, чарт, диаграм бүтээхэд туслах болно. Microsoft бас нэгэн сонирхолтой боломжийг танд санал болгож байна. Үүнийг болзолт төлөв гэж нэрлэхэд буруудахгүй болов уу. Програмчлал дээр их хэрэглэгддэг л дээ. Ямар нэгэн зүйл тодорхой нөхцөлд хүрвэл ямар нэгэн үйлдэл хийхийг хэлдэг. Жишээ нь нийлбэр чинь тодорхой хязгаараас давбал текстийн өнгөө өөрчилдөг ч юм уу. Хэрэглэгч хүн хальт хараад л саарал бол 500-аас бага, улаан бол 500-1000 хооронд, хөх бол 1000-2000, хар бол 2000-аас их гээд л ойлгох нь байна шүү дээ. Өмнөх Excel-үүд дээр байсан боловч их нууцлаг байсан тул маш туршлагатай хэрэглэгчид л хэрэглэдэг байсан юм. Гэтэл маш их хэрэгцээтэй боломж байгаа биз. Excel дээр нэмэгдсэн тун сайхан нэгэн зүйл бол томьёо бичиж байхад автоматаар дуусгадаг явдал юм. Тэгэхээр урт, бичихэд хэцүү томьёонуудыг гүйцээж бичих гэж цаг зав, нервээ барах хэрэггүй боллоо доо. OUTLOOK 2007 Хачирхалтай нь Outlook 2007 маань олигтой өөрчлөгдсөнгүй дээ. Яахав, арьсаа өөрчилсөн боловч үнэндээ яг л хуучнаараа.. Нөгөө л стандарт мэйлийн хайрцаг, нөгөө л to-do. Ямар ч тууз байхгүй, харин уламжлалт урсдаг цэс. Шинэ мэйл бичих үед тууз харагдаж байгаа нь үнэндээ Word руу орж байгаатай л холбоотой билээ. OFFICE 2007 Эцэст нь хэлэхэд Office 2007 маань нийтдээ хамгийн энгийн хэрэглэгчид рүү илүүтэй хандсан програм болжээ. Мэргэжлийнхэн ч гэсэн ганц ганц товч дараад л эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой болсон нь сайхан биш гэж үү. Танд боломж байгаа бол Office 2007-г заавал авч суулгах хэрэгтэй. Түүний шинэ тууз хэмээх цэс нь эхэндээ эвгүй мэт боловч яваа яваандаа таны хамгийн дуртай хийц болно гэдэгт эргэлзэхгүй байна. Office 2007 нь Windows XP SP2, бас Windows Vista дээр ажиллана гэдгийг эцэст нь дуулгая. Гэхдээ Office 2007-ын өнгө зүс, арьс гоёмсог болсон гэдгийг та ойлгосон байх. Тэгэхээр тэр хэмжээгээр хүчин чадал сайтай компьютер шаардах болно. Иймээс таны компьютер тийм ч сайн үзүүлэлттэй биш бол энэ багц танд тохиромжгүй байж болохыг анхаараарай.
СТАНДАРТ ҮНЭ Багцын үнэ: Microsoft Office Standard 2007 ($399 full; $239 upgrade)
Microsoft Office Small Business 2007 ($449 full; $279 upgrade)
Microsoft Office Professional 2007 ($499 full; $329 upgrade)
Microsoft Office Ultimate 2007 ($679 full; $539 upgrade)
Тусдаа програмуудын үнэ: Microsoft Office Access 2007 ($299 full; $110 upgrade)
Microsoft Office Excel 2007 ($229 full; $110 upgrade)
Microsoft Office OneNote 2007 ($100 full; $80 upgrade)
Microsoft Office Outlook 2007 ($110 full/upgrade)
Microsoft Office PowerPoint 2007
($229 full; $110 upgrade)
Microsoft Office Publisher 2007
($169 full; $100 upgrade)
Microsoft Office Word 2007
($229 full; $110 upgrade)

МЭРГЭЖИЛТНИЙ ҮГ
Ер нь одоо байгаагаа Office 2007 болгох хэрэг байна уу? Энэ нь таны юу хийдгээс хамаарна. Хэрвээ та илүү гоёмсог харагдацтай загвар гаргах, илүү олон боломжуудыг хэрэглэхийг хүсэж байгаа бол Office 2007-г суулгах хэрэгтэй. Харин Office 2003 мэтийн хувилбар дээр хангалттай ажилладаг, илүү дутуу юм сонирхдоггүй бол шинэ програм авах гэж мөнгөө үрэх шаардлага бага байж болох юм. Програмын шинэ өнгө төрх, хийц дизайн нь үнэндээ нэг их анхаарал татах зүйл биш юм. Энэ бол зүгээр л арьс гэдгийг санах хэрэгтэй. Үнэхээр таны ажил хөдөлмөрт тань дэвшил авчрах эсэхийг л анхаарах хэрэгтэй. Шинэ багц маань хамгийн гол нь командуудыг олж хэрэглэхэд ойлгомжтой, зохимжтой байлгах талаас нь их анхаарсан байна. Түүнчлэн бас нилээдгүй олон боломжийг ор тас хассан байна лээ. Энэ тухай дор өгүүлнэ. Microsoft маань Office 2007-ынхаа зарим кодуудыг нээлттэй болгосон байна. Ингэснээр 3-дагч компаниуд төрөл бүрийн add-ins буюу нэмэлтүүдийг боловсруулж нэгтгэх боломжтой болж байгаа юм. Тун удахгүй янз бүрийн сонирхолтой боломжууд бүхий Add-ins гарч ирэх нь дамжиггүй. OFFICE 2007 дээр гарсан өөрчлөлтүүд Одоо өгүүлэх өөрчлөлтүүд нь Office багцад орсон бүх програм дээр хүчинтэй юм. Харин програм болгоных тусдаа байгаа. Administrative installation images Өөрчлөлт: Administrative instal¬lation зургууд нь дотоод install хийх эх үүсвэрийг шаардана. Яагаад: Яагаад гэвэл эдгээр зургуудыг нэтээс татаж харуулахад хүндрэлтэй байдаг. Иймээс дотоод эх үүсвэрийг шаардахаар тохируулжээ. Clip Organizer: Autoimport Өөрчлөлт: Clip Organizer-ийг анх удаа ажиллуулахад Autoim¬port харилцах цонхыг харуулахаа больжээ. Харин та энэ цонхыг File цэснээс дуудаж болно. Яагаад: Яагаад гэвэл анх удаа Clip Organizer-ыг дуудах үед хэрэглэгчид Clip Organizer руу зургуудаа импорт хийх эсэхээ огт шийдээгүй, энэ талаар бодоогүй байдаг тул энэ цонхыг харуулах нь шал дэмий, харин ч төөрүүлэхээр байдаг байсан. Хуучнаараа: File цэснээс Add clips to the organizer командыг дараад Automatically дарах шаардлагатай. Document-ийн амьдралын хугацаа: Энд засварлах, тэнд засварлах Өөрчлөлт: Office 2003 дээр хэрэглэгч хүн сервер дээрх файлыг ачаалах үед шууд тэнд байгаагаар нь ажилладаг байсан юм. Харин 2007 дээр бол өөр дээрээ түр зуур хуулаад эндээ ажилладгаар тохируулжээ. Энэ нь янз бүрийн сүлжээний алдаанаас болж файлынхаа засварыг алдах аюулыг багасгаж байгаа юм. File Search Өөрчлөлт: File Search хэсгийг тэр чигт аваад хаячихсан байна. File цэсэн дотор байсан File Search командыг та хайгаад хэрэггүй. Харин оронд нь зүгээр л XP-ийн өөрийнх нь хайлтыг ашиглах хэрэгтэй. Яагаад: Яагаад гэвэл энэ командыг хүмүүс бараг хэрэглэдэггүй нь судалгаагаар тогтоогдсон байна. Тэр байтугай байдгийг нь ч огт анзаараагүй байгаа юм даа. Нэгэнт хүмүүс хэрэглэхгүй байгаа бол илүү юм байлгахын хэрэг юу билээ. Програмд илүү функц шиг хэрэггүй юм байдаггүй. Гэвч Outlook 2007 дээр мэйл хайлгахын тулд энэ хайлтын боломжийг хэвээр нь үлдээжээ. Help: Detect and Repair... Илрүүлэх ба Засах Өөрчлөлт: Help цэсэн дэх De¬tect and Repair хэмээх тохиргоог бас л аваад хаячихжээ. Харин оронд нь Repair гэсэн командыг оруулжээ. Яагаад: Яагаад гэвэл Repair нь илүү найдвартай ажиллагаатай, хүчирхэг болсон байна. Ашиглах: Repair командыг ашиглахын тулд Start.Control Panel.Add/Remove Programs тэгээд Repair гэх боломжтой. Japanese IME: Editing style Өөрчлөлт: Standard Input and Natural Inout засварлах горим нь Standard Input гэсэн хэсэгт нэгдэн оржээ. Яагаад: Яагаад гэвэл бараг адилхан ажиллагаатай 2 горим (зөвхөн Япон мэтэд л ялгаатай) байх нь хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулж байсан юм. Korean converters Өөрчлөлт: Солонгос хөрвүүлэгч, GS32.cnv, hana32.cnv, tgwp32.cnf мэтийн файлууд бүгд байхгүй болсон. Яагаад: Яагаад гэвэл үүнийг хэрэглэдэг хүн гэж энэ дэлхий дээр бараг алга даа. Солонгосууд нь хүртэл бараг хэрэглэдэггүй гэнэ шүү. Зөвхөн өөрөөсөө instal-дох Өөрчлөлт: Энэ удаагийн хувилбар нь зөвхөн өөр дээрх install-аасаа л суух болсон байна. Та сүлжээг ашиглан суулгах боломжгүй. Office Нөхөн Сэргээх Өөрчлөлт: Office-ын Re¬covery буюу Нөхөн Сэргээх програм суухаа больжээ. Office 2007 нь өөрөө автоматаар болохоо больсон програмыг илрүүлэх бөгөөд түүний баримтыг нөхөн сэргээх арга хэмжээг авна. Яагаад: Яагаад гэвэл маш цөөхөн хэрэглэгчид Docu¬ment recovery багажийг бие даан хэрэглэж байсан юм. Бусад нь ийм багаж байдаг гэдгийг ч мэдэхгүй. Иймээс автоматаар засдаг болгохоос өөр арга байсангүй. OWC11 Өөрчлөлт: OWC11 нь Office 2007-аас бүрэн байхгүй болсон байна. Гэхдээ ганцхан Project 2007 дээр л бий. OWC11 дахь DataFinder бас байхгүй болсон. OWC11-ийг ашигласан Spread¬sheet, Chart, Pivot Table, Data Source зэрэг нь тусгай Active X control-ыг суулгах ёстой болно. Яагаад: Яагаад гэвэл Windows SharePoint Services 3.0 зэрэг шинэ технологиуд нь диаграм хийх шинэ шинэ боломжуудыг агуулна. Тэгэхээр үндсэндээ OWC11 хэрэггүй болж байгаа юм. Алдаа шалгах багаж Өөрчлөлт: Бүх програм дээр алдаа шалгах цонхны хийц загвар өөрчлөгдсөн. Яагаад: Хуучин багц дахь бүх програм дээр тус тусдаа өөр өөр хийц бүхий үг үсгийн Алдаа шалгах цонх харагддаг байсан юм. Харин одоо бол бүгд нэг загвартай, дундаа нэг багаж ашиглана гэсэн үг. Бусад системийн нарийн нарийн өөрчлөлтүүд орсон болно. Тэдгээр нь хэрэглэгч бидэнд огт падгүй тул орхичихъё. WORD 2007 дээр гарсан өөрчлөлтүүд Та бидний хамгийн их хэрэглэдэг гол програмд маань ямар ямар өөрчлөлтүүд гарсныг одоо мэдэж авцгаая. Autosummarize команд Өөрчлөлт: Autosummerize команд маань хэрэглэгчийн интерфэйс дээрээс зайлуулагджээ. Гэвч энэ командыг ашиглах боломж байсаар байгаа. Яагаад: Яагаад гэвэл энэ командыг хэрэглэдэг хүн ер нь байна уу? гэхээр л юм байна. Blue background with White text Өөрчлөлт: Фоныг хар хөх, текстийг цагаан болгож харагдуулдаг тохиргоо алга болжээ. Миний хувьд хамгийн их хэрэглэдэг тохиргоо байсан юмсан. Ингээд алга болчих гэж. Анх Office 2007-г суулгачхаад энэ тохиргоогоо хичнээн хайсан гэж санана. Гэтэл өөрчлөлт ингээд байхгүй болчихсон байдаг байгаа. Яагаад: Яагаад гэвэл энэ тохиргоог анх WordPerfect програм хэрэглэсэн юм байна. Тэд хэл ам хийсний хүчинд ийнхүү өөрсдийнхөө санааг буцааж авч дөнгөлөө шүү. Converter буюу Хувиргагч Өөрчлөлт: mswrd832.cnv хэмээх хувиргадаг зүйл алга болжээ. Яагаад: Яагаад гэвэл шинэ хувиргагч нь Word 2007-д илүү тохиромжтой байдлаар орсон байна. Fix broken text (Эвдэрхий текст засагч) Өөрчлөлт: Word 6.0 дээр бичсэн текстийг засах боломж алга болжээ. Энэ засдаг багаж уул нь 8 битийн тэмдэгтүүдийг 16 бит болгодог байсан юм. Яагаад: Яагаад гэвэл үүнийг хэрэглэгчид хэрэглэдэггүй юм. Font Text Effects Өөрчлөлт: Текстэд эффект өгдөг хэсэг Фонтын харилцах цонх дотор байхгүй болсон байна. Яагаад: Яагаад гэвэл одоогийн нөхцөлд түүнийг хэрэглэх шаардлагагүй болж байна. Тэртэй тэргүй ил маш гоё загварууд байгаа шүү дээ. MSE Өөрчлөлт: Microsoft Script Editor (MSE) байхгүй болжээ. Script агуулсан баримтууд нь шинэ файлын формат руу хөрвүүлэгдэх бол script нь устах болно. Яагаад: Аюулгүй байдлыг нэмэгдүүлэхийн үүднээс үүнийг зайлуулжээ. Save as Web Page тохиргоо Өөрчлөлт: File цэсэн доторх Save As Web Page тохиргоо нь байхгүй болжээ. Web маягаар хадгалъя гэвэл Save As цонхон дотор тэртэй тэргүй байгаа. Яагаад: Заавал тусад нь байлгаж байхаар Save As дотор оруулахад л болох байсныг яг тэгж янзалжээ. Third-Party OCX control-ууд Өөрчлөлт: Гуравдагч багажуудыг баримтад оруулах явдал одоо ингээд байхгүй болжээ. Хэрэглэгчид кино, дуу, гүйдэг текст зэргийг оруулах боломжгүй. Яагаад: Аюулгүй байдлыг хангах үүднээс ингэсэн байна. Wizards Өөрчлөлт: Дараах Wizard-ууд буюу Загварууд алга болсон байна. Agenda Envelope Fax Letter Memo Pleading Resume Яагаад: Яагаад гэвэл эдний загвар дэлхий даяар хэтэрхий их тархсан тул хүн бүр залхсан байна. Харин үүний оронд илүү сүүлийн үеийн хийцтэй гоёмсог загваруудыг Office Online-аас олж болно. Эдгээрээс гадна бусад нэмэлт өөрчлөлтүүд орсон байна. Зарим өөрчлөлтүүд нь нийт хэрэглэгчдэд ойлгомжгүй, системд хамаарах тул орхилоо. EXCEL 2007 өөрчлөлтүүд Analysis ToolPack (ATP): Функцийн үр дүнӨөрчлөлт: Excel 2007-аар үүсгэсэн функцүүд бага зэрэг өөрчлөгдсөн боловч эцсийн үр дүн нь адил байна. Яагаад: Яагаад гэвэл бусад функцууд тригонометрийн үйлдлүүдийг ашигладаг бол эд дотоод зааврыг баримтална. Нарийн зааврыг онлайнаас үзнэ үү. AutoOutline команд Өөрчлөлт: AutoOutline команд нь багажууд руу шилжсэн байна. Яагаад: Яагаад гэвэл энэ команд нь бусдыгаа бодвол илүү их хэрэглэгддэг учир ил тавигдах шаардлагатай болсон байна. Charting: Chart Sheet Өөрчлөлт: Хэрэглэгч F11 товч дарахад chart буюу диаграм шууд идэвхижнэ. Гэхдээ гол нь хоосон диаграм харуулна. Хуучин хувилбаруудад өмнө үүссэн диаграмын утгуудыг авчихсан диаграм үүсдэг байлаа. Яагаад: Хоосон диаграм үүсэх нь илүү тохиромжтой гэж хэрэглэгчид үзсэн байна. Charting: Chart Sheets Өөрчлөлт: Printed Chart Size хэмээх тохиргоо Chart хэсгээс алга болжээ. Бас PageSetup.ChartSize тохиргоо ч харагдахаа больсон байна. Яагаад: OfficeArt хэмээх технологид одоогийн диаграмууд маань нэгтгэгдсэн байна. Энэ мэтээр Excel-ийн хувьд маш олон өөрчлөлтүүд орсон байлаа. Хэрвээ танд нарийн мэдээлэл хэрэгтэй байгаа бол интернэт рүү орж үзээрэй.
POWERPOINT 2007 өөрчлөлтүүд Broadcast Өөрчлөлт: Broadcast хэмээх боломжийг устгасан байна. Яагаад: Яагаад гэвэл энэ функц асар цөөхөн хэрэглэгддэг гэж судалгаанд гарчээ.
Эх сурвалж: http://www.kt.mn/
Бичсэн: bolor цаг: 17:19 | Онцгой биш
Холбоос | email -ээр явуулах |


Сэтгэгдэл:





:-)
 
xaax